төрийн албыг хариуцлагатай, иргэдэд ойр байгууллага болгох

1. Төрийн алба чадамжгүй, эрх мэдэлтэй хүний талд үйлчилдэг, авилгалд хэт автсан байдал иргэд биднийг маш ихээр чирэгдүүлж эрүүл мэнд хохироосоор байна. Манай улс уул нь иргэд биднийг хамгаалсан сайн хуультай гэж үзэж байгаа ч хуулийн хэрэгжилт хангалтгүйгээс иргэдийн талд хууль ёсны шийдвэр гаргадаггүй, эсвэл худал ярьсаар цаг хождог, хөгшин хүнийг худал хэлж явуулж чирэгдүүлдэг явдал газар авсныг 2018 оноос хойш мэдэрч байна. 2021 оны 4-р сараас байрны ханаар сэнс оруулж 24 цагийн дүнгэнэсэн дуутай байлгах болсон бөгөөд энэ асуудлаар хороон дарга, дүүргийн Засаг даргаас эхлээд МХ-ын бүх шатны байгууллага, 1800-1200, 1111, хотын дарга, хотын менежер, шадар сайдад өргөдөл өгч биеэр уулзсан боловч 1 жил 9 сар гэртээ байнгын дуу чимээтэй, агааржуулалтын хоолойгоор агаар хүчтэй соруулснаас агаар хуурайшин агааржуулалтын нэг шугамын айлуудын хүмүүс өвдөж байхад зөв шийд гаргах төрийн албан хаагч олдсонгүй.
2. Монгол улсад стандартыг чанд мөрдүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Хилээр орж байгаа болон дотооддоо үйлдвэрлэж байгаа хүнсний болон бараа бүтээгдэхүүн, хүний хэрэглэж байгаа эд таваар болон гоо сайхны бүтээгдэхүүн зэрэгт стандарт баримталдаггүйгээс шалтгаалан иргэд хорт бодис, өмсөж эдэлж байгаа бүтээгдэхүүнээс ходлого авч харшлын гаралтай өвчин залуужсан, залуучууд хүүхдүүд их өвдөх болсон нь сэтгэл түгшээх асуудал болсон байна. Тухайлбал рашаан сувилалд голдуу залуучууд гэр бүлээрээ харшлын өвчтэй эмчлүүлдэг болсон байна. Олон сая малынхаа сүү цагаан идээг иргэд бид хэрэглэмээр байдаг боловч сүү нь усны хольцтой, шар тос нь цэвэр биш хольцтой, ааруулд нь гурил хольсон байгаа нь стандартын шаардлага хангахгүй, хяналт, лабораторын шинжилгээ хангалттай хийгддэггүй, мэргэжлийн байгууллагын хяналт сул байгаатай холбоотой гэж үзэж байна. Дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн болон гаднаас орж ирж буй бүтээгдхүүнд яаралтай анхаарал хандуулах хэрэгтэй байна.
3. Дээд шатны түвшиндээ сайхан ажил ярьж байгаа боловч хөрсөн дээрээ яригдаж байгаа ажлууд хангалтгүй, зөвхөн ярих төдийгөөс хэтрэхгүй байгаа нь аль ч шатанд сахилга хариуцлагын тогтолцоо хангалтгүй байгаатай холбоотой гэж үзэж байна. Ер нь төрийн албан хаагчдын хууль эрх зүйн мэдлэг чадамжийг дээшлүүлэх, ёс зүй, иргэдтэй харьцах харьцаанд дорвитой өөрчлөлт оруулах, хөндлөнгийн хяналтын тогтолцоог хэрэгжүүлбэл төрийн албаны чадавхи дээшлэх байх гэж үздэг. Төрийн албанд өөрсдийн ах дүү танил тал, дарга нарын таньдаг хүмүүс орж ирснээр ажил хийх чадваргүй, мэдлэг боловсрол дутмаг, идэвх санаачлагагүй цаг нөгцөөсөн, олз хайсан байдлаар ажиллаж байгаа нь аль ч шатанд харагдаж байна. Иймд мэдлэг ур чадвараар сонгож төрд ажиллах хүнийг сонгох, удаан хугацаанд тууштай ажиллуулах зэргээр төрийн тогтолцоог чадваржуулах шаардлагатай байна.
Cэтгэгдлүүд